АЙМГИЙН ИТХ-ААР ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТУХАЙ ДАРААХ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ
2024-12-09
Төлөөлөгч Б.Ихбаяр: Та нар шахмал түлшний үйлдвэр баригдаж байгаа гээд худлаа яриад байх юм. 7 сард очиход хатаалгын уурын зуух чинь 9 сард ашиглалтад орно гэж байсан. Одоо ирэх оны эхний улиралд гэж байна. Ямар ч түлш үйлдвэрлэл явагдахгүй байна. 2024 онд төсвөөс 400 сая төгрөг өгөөд уурхайн ажилчдын цалин болоод дууссан.
Төлөөлөгч А.Цэрэнтогтох: Шахмал түлш шийдэл биш гэдгийг бид улсаараа харж байна. Тийм байхад Улаанбаатарыг дуурайгаад шахмал түлш хэрэглэнэ гээд байх юм. Арай өөр шийдлийг харж, хэрэгжүүлж, яндан цөөлөх ажлыг эхэлмээр байна.

Төлөөлөгч Б.Орхон: Агаарын бохирдлын асуудал ганц Арвайхээрийх юм шиг яриад байна. Манай Хужирт сум агаарын бохирдлын хүнд байдалд байна. Нэг гудамжны үзүүрээс тойроод ирэхэд гудамжны юмнууд харагдахаа больсон. Агаарын бохирдол ганц Арвайхээрийн асуудал биш болсон шүү.
Төлөөлөгч Г.Ариунзаяа: Шахмал түлшний асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж, “хэрэгтэй, хэрэггүй” гэж мэтгэлцэхээсээ өмнө мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт, тооцоо судалгаанд тулгуурласан үнэн бодит мэдээллийг авмаар байна. Харагдах өнцгөөс илүү, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлээд байна, хаана илүү бохирдолттой байна гэх нарийвчилсан судалгааг гаргамаар байна.

Төлөөлөгч Ч.Ганхуяг: Шахмал түлшний асуудлыг бүгд таагаад л, оньсого таалцаж байгаа юм шиг яриад байх юм. Уурхайн захирлыг, өргөтгөл хийж байгаа гүйцэтгэгч компанийн удирдлагыг энд суулгаад хэзээ гэрээ хийсэн, ямар төсөв өртгөөр юу хийж, яаж ажиллаж байгаа талаар бодит хариултыг авах хэрэгтэй.
Төлөөлөгч Б.Ганбат: Шахмал түлшний үйлдвэрлэлийн үнэ 20 кг-ын нэг шуудай нь 6600 төгрөгөөр гардаг. Гэвч аймаг зөрүүг нь өгөөд айл өрхүүдэд 4500 төгрөгөөр нийлүүлдэг. Бид үүнээс өөр гарц шийдэл давхар хайж байгаа. 36 мкв гэр, 50 мкв талбай бүхий байшинг халаах зориулалттай эко зуух шинээр гарсан байна. Арвайхээр сум баг бүрт 30 айл өрхөд нийлүүлж туршихаар 200 сая төгрөгийн тендер зарлаад байна. Мөн НҮБ-ын гэр дулаалгын төсөлтэй холбогдож, гэр дулаалах аргаар түлшний хэрэглээг багасгах шийдэл хайж байна.
Мэргэжилтэн Ч.Бат-Өлзий: Арвайхээр сумын гэр хорооллын 6500 айл өрхийг шахмал түлшээр хангахад 14300 тонн шахмал түлш хэрэгтэй. Үүний тулд хүчин чадлыг сайжруулж, агуулах барих, трансматор, гэрэлтүүлэг, халаалтын шугам сүлжээ тавих болон ажилчдын цалин, шатахуун зэрэгт 210 сая орчин төгрөг зарцуулсан. Одоо 120 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж: Баянтээгт үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь кокосжуулсан нүүрс, улаанбуудайн барьцалдуулагч бодис, шар шавраар хийж байгаа, ямар нэг химийн орц найрлагагүй, Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагад нийцсэн, лабораторийн шинжилгээгээр батлагдсан сайжруулсан түлш гэдгийг би албан ёсоор хэлье.

2023 онд 200 гаруй тонн шахмал түлш үйлдвэрлэсэн. 2024 онд нэг ч тонн үйлдвэрлээгүй нь үнэн. Байгалийн аргаар хатаагаад наашаа явуулахаар гомдол гараад байгаа учраас хадгалдаг байр сав, агуулах барихаас эхлээд зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлага гарсан.
Манай зарим Төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулахын төлөө нэг ч ажил хийж үзээгүй байж битгий улс төржүүл, битгий попор. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ойрын дөрвөн жилдээ сайжруулсан түлш хэрэглэхээс өөр шийдэл байхгүй байна. Сайн шийдэл байвал та бүхэн саналаа хэлээд хамтраад ажиллая.